Delhiin tuuh “Mongold”

Хоёр дугаар сар 5, 2010 at 10:24 am (Ном)

ГАЙХАЛТАЙ, ГАЙХАЛТАЙ, ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ НОМ

Монголын “Монсудар” хэвлэлийн газар болон Английн “Dorling Kindersley” хэвлэлийн газраас хамтарч Адам Харт-Дэвис Ерөнхий редактортай Дэлхийн түүх номыг монгол хэл дээр хэвлэн гаргаж байна. Энэ ном хүний мичин өвөг дээдсээс эхлээд (4.5 сая жилээс эхлээд) өнөө үеийг (өнөө үе гэдэгт 2007 оны үйл явдал орсон хэрэг) хүртэл хамарчээ.

Уг ном үе үеийг хамарсан долоон бүлэгтэйгээс гадна 7-р бүлгийн эцэст 195 улс-орны түүхийг тус бүрд нь тусгайлан авч үзсэн, зураг, үзүүлэн график бүхий том бүлэгтэй. Бүлэг бүрийн эхэнд “Удиртгал ба цаг хугацааны хүснэгт”-тэй бөгөөд тэнд тухайн бүлгийн товч агуулга хураангуйлагджээ. Мэдээж, номын төгсгөл хэсэгт маш сайн шигшиж авсан утгын заалт бий. Номын бүлэг тус бүрийг тухайн сэдвээр мэргэжсэн Англи, АНУ-ын Их, дээд сургуулийн түүхийн профессор, судлаач, багш нар бичсэнээс гадна зөвлөх, шүүмжлэгч нарын маш том баг ажиллажээ. Монгол орчуулгын хувьд ч бид тухайн сэдэв тус бүрээр мэргэжсэнээс гадна англи хэлний шаардлага хангасан шилдэг мэргэжилтнүүдийг урьж орчуулгыг хийлгэсэн болно. Монгол хэвлэлийн нэр томьёо, орчуулгыг жигдэлж, оновчтой болгохын тулд зөвхөн түүхийн мэргэжилтнүүд төдийгүй, байгаль шинжлэлийн эрдэмтэн, урлаг судлаач, шашны лам хувраг, философич зэрэг маш олон хүний хувь нэмэр орсныг дурдах ёстой.

Миний хувьд түүхийн номыг ийм сонирхолтой бүтээснийг урьд өмнө харсан нь үгүй билээ. Нэг бүлэг нь дотроо 25-30 дэд сэдэвтэй, сэдэв тус бүрд маш сонирхолтой 10 гаруй зургийг хавсаргажээ (дэд сэдэв бүр 250-300 зурагтай гэж бодоход ном тэр чигээрээ зураг ч юм шиг). Түүнээс гадна бичигдсэн хэлбэр нь тун сонин. Сэдэв тус бүр эхлэхдээ ӨМНӨ НЬ, төгсөхдөө ДАРАА НЬ гэсэн хайрцагтай бөгөөд түүнд тухайн сэдэвт өгүүлэгдэх үйл явдлын болон дараа нь юу болсныг товч тодорхой өгүүлжээ. Мөн түүхэн хүмүүсийн НАМТАР, эрдэмтэн судлаачдын бүтээлийн онцлог, намтрыг багтаасан жижиг ЦАДИГ, онцлог ҮЗЭЛ САНАА, тухайн сэдвийг бичихдээ түүхийн ямар ЭХ СУРВАЛЖ баримталсныг тусгайлан хайрцаглаж, зураглаж, фото-зураг хавсаргаж бүтээжээ.

Бүх насны хүн төдийгүй ямар ч мэргэжлийн хүмүүс нэг нээвэл салахын аргагүй энэ ном айл гэр, албан байгууллага бүрд заавал байх ёстой ном болохыг уншигч та өөрөө үзсэн цагтаа үнэмших болно.

Орчуулгын ерөнхий редактор Б.Батчулуун

Нэг

ХҮНИЙ ҮҮСЭЛ

Бидний орчуулан гаргаж буй энэ ном мэдээжээр хүний үүслийн асуудлаас эхэлнэ. 2004 бил үү, 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас Баянхонгор аймагт нэр дэвшсэн, одоо ч УИХ-д суугаа нэгэн эрхэм хүний үүслийн тухай ярьж байхдаа “Хүн төрөлхтөн анх Баянхонгорт үүссэн, энэ нь шинжлэх ухаанаар батлагдчихсан зүйл шүү дээ” гэж хээв нэг ярьж байхыг сонсоод хүмүүс, тэр байтугай сэхээтний түвшиндээ хүртэл яасан их хоцрогдоо вэ гэж бодогдсон сон.

Мэдээллийн дэлбэрэлтийн энэ эрин үед ямар ч асуудлаар хүлээн авч болохуйц онол-гипотезээс гадна хүлээн авахын аргагүй янз бүрийн “шум” явж л байдаг. Жишээ нь, хүний үүслийн асуудлаар гэхэд л “радиаци”, “эволюци”, “хөдөлмөрийн” онолуудаас гадна “шашны антропологи”, өөр гариг ертөнц, элдэв санаанд ормооргүй амьтнаас үүссэн тухай цуу яриа, домог хүртэл байх юм. Мэдээллийн энэ дэлбэрэлт нь хүмүүс асуудалд хэрхэн ханддагийн шалгуур гэлтэй. Тэгэхээр таныг манай номны энэ бүх мэдээлэл дотроос хүний үүслийн талаар хамгийн үндэслэлтэй мэдлэгийг олж авах болно хэмээн батлах байна.

17-19-р тал

Хоёр

СОЁЛ ИРГЭНШИЛ

Соёл иргэншил гэдэг бол өөрийн шалгууртай бөгөөд үүнийг дуртай үгтэйгээ холбон хэрэглэж болохгүй тухай маш үндэслэлтэй онол байдаг. Энэ талаар бид маш бага анхаарч ирсэн учраас нүүдлийн соёл иргэншил гэх мэтээр логикийн хувьд зөрчилтэй хоёр үгийг хооронд нь холбосоор ирсэн.

Соёл иргэншил буюу civilization гэсэн үг нь иргэн буюу civilian гэсэн үгтэй холбоотой аж. Тэгээд үгийн этомологиор нь хөөгөөд үзэх ахул civilian гэдэг нь эртний Грекийн хот-улсуудын нэг болох Civic-т амьдардаг хүмүүсийг хэлдэг байжээ. Тэгэхээр соёл иргэншил гэдэг бол суурьшил улмаар хот (онцлов) гэсэн үзэгдэлтэй гарцаагүй холбоотой. Хэн, хэзээ суурьшиж чадах вэ гэвэл байгалиасаа зохих хэмжээгээр хараат бус болсон, өөрөөр хэлбэл, нэг газраас амьжиргааны эх үндсийг олж чаддаг болсон үед (Энд газар тариалангийн тухай яригдаж байгааг та тааварлаж буй биз ээ.) суурьшиж хотоо байгуулна. Энэ газар философи, хими, физик, математик, урлаг илүү хөгжиж, хуулиар амьдрах шаардлага гардаг. Үүнийг соёл иргэншил хэмээнэ. Түүнээс бус байгалийн эрхшээлээр нүүдэллэж байх үедээ соёл иргэншлийн эдгээр элементийг бий болгоход хүнд л дээ. Та энэ бүлгээс хаана анх соёл иргэншлийн анхны өлгий үүссэнийг олж хараарай!

54-55-р тал

Гурав

“УДИРТГАЛ БУЮУ ЦАГ ХУГАЦААНЫ ХҮСНЭГТ”

Бүлэг бүрийн эхэнд товч агуулга хийгээд цаг хугацааны хроникийг гайхамшигтай сайхан хадсан тухай бид урьд нь дурдаж байсан билээ. Түүнийг танилцуулахын тулд 7 бүлэг тус бүрийн өмнөх хүснэгтийг биш харин “Сэтгэгчид ба сүсэгтнүүд” хэмээх III бүлгийн өмнөх хүснэгтийг толилуулж байна. Та эндээс он дарааллын бичиг, түүхэн хүмүүсийн хэлсэн үг, товч бөгөөд тодорхой илэрхийлсэн зураг, зураглал, фотог харах болно.

86-89-р тал

Дөрөв

ТҮҮХЭН БИЕ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ХУУДАС

Энэ номны бүлэг бүрд түүхэнд ул мөрөө тод үлдээсэн түүхэн бие хүмүүст зориулсан хуудас олон бий. Түүний нэгэн жишээ болгож Юли Цезарийн хуудсыг та бүхэнд толилуулж байна. Цезарийн намтар түүх, урьд өмнө яригдаж байгаагүй баримт, намтрын цадигийг хайрцаглан багтаажээ. Жишээ нь, энэ хуудсан дээр үндсэн текстээс гадна “Юлигийн хуанли”, Винсенто Камачинигийн зургийн тайлбарт Цезарийн Брутаст хэлсэн үг зэрэг сонирхолтой түүхэн баримтаас гадна эмэгтэйчүүдийн “хийсвэр” хийлгэж буюу кесарь хагалгаа хийлгэж төрөх гэдэг Цезарийн төрсөнтэй холбоотой гарч ирсэн нэр томъёо байж болох талаар өгүүлжээ.

108-109-р тал

Тав

“ЛАОКООН” – УРАН ЗУРАГ

Энэ хэсгээс сонгодог буюу классик урлаг гэсэн нэр томъёо ямар урлагтай холбогдон гарч ирснийг ойлгож авах болно. Эртний Грекийн реализм болон сонгодог урлагийн урлан бүтээх гайхамшгийн тухай Лаокооны уран баримлаас та олж мэднэ. Мөн түүнчлэн энэ урлаг үүсэхээс өмнө ямар урлаг байсан, дараа үеийн урлагт хэрхэн нөлөөлснийг харуулжээ. Энд гоо зүйн онол, уран баримлын цохилбор, шигтгээс, уран зургийн тухай зэрэг гайхалтай нарийн санааг гаргажээ. Энэ удаад зөвхөн Лаокоон хэмээх тайлагчийн эмгэнэлт домогтой холбоотой баримлыг төлөөлүүлэн авчээ.

116-117-р тал

Зургаа

ШАШИН

Түүхэнд шашин шиг ээдрээтэй бөгөөд их нөлөө үзүүлсэн үзэгдэл гарсан нь юу л бол. Энэ дэд сэдэвт монотеист шашин үүсэхээс өмнөх шашны тухай авч үзсэнээс гадна голчлон дэлхий нийтийн монотеист түүх, баримтын тухай өгүүлжээ.
Энд теологийн
(шашин судлалын) янз бүрийн ойлголтуудтай танилцахаас гадна дэлхийн томоохон шашнуудыг үндэслэгчид болоод томоохон зүтгэлтнүүдийн тухай сонирхолтой баримтыг хавсаргажээ.

144-147-р тал

Долоо

МАНДАХ НАРНЫ ОРОН

Энэ номонд япончуудтай холбоотой нэлээд хэдэн бүлэг бий. Гэхдээ бид энд дундад зуунтай холбоотойгоор самурайн тухай өгүүлсэн нэг л сэдвийг толилуулж байна. Японы арлууд дээр анх хэзээ хүмүүс суурьшсан, Азитай холбоотой байсан тухай мэдэх болно. Тэд дэлхийн түүхэнд хэзээ орж ирэв?
Мөн бушидо, шогун гэж юу болох, тэдний өвөрмөц зан заншил, ёс суртахуун, аж төрөх ёс, түүхэн дэх бие хүмүүсийн тухай мэдэж аваарай.
168-169-р тал

Найм

ЕВРОПТ УЧИРСАН ГАМШИГ

Түүхийн ном бүтээлд хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон энэ аймшигт үйл явдлын тухай өгүүлсэн нь нэн бага ажээ. Энэ номонд тэр аймшигт тахлын талаар түүхчдийн өгүүлсэн зүйл, тухайн үеийн номнууд дээр зурсан зураг, орчин үеийн судалгаа, хэр зэрэг олон улс-орныг хамарсан зэргийг газрын зураг дээр маш тодорхой өгүүлжээ.

186-187-р тал

Ес

ХУДАЛДАА АРИЛЖААНЫ ДАЛДЫН АЧ ХОЛБОГДОЛ

Худалдаа наймааг хүн төрөлхтний материалаг оршихуйд маш их ач холбогдолтой зүйл мэт үздэг. Ийм байсан ч түүний ач холбогдлыг бууруулах аргагүй. Гэтэл дэлхийн нэг хэсгээс нөгөө хэсэгт оюун санааг зөөж байдаг үзэгдэл аж. Худалдаа нь улс-үндэстнийг хэрэгцээ гачигдлаас гаргадаг учраас дайн байлдаан, мөргөлдөөнөөс зайлуулж байдаг билээ.
Түүнээс гадна Италийн соёлын их зоорь болсон хот-улсууд үүсэхэд ч их нөлөөлжээ. Энд нүүдлийн соёл иргэншлийн тухай магтан дуулдаг манай аугаа эх орончид болон үндэсний үзэлтнүүдээс хүлцэл өчин өгүүлэхэд, Флоренцийн шашны зүтгэлтэн Жироламигийн хэлсэнээр “Иргэн хүн
[хотын хүн] л биш бол бүрэн утгаараа хүн биш” гэнэ лээ шүү. Энд үнэхээр анхаарвал зохих утга байгааг уур хилэн нь хөдөлсөн манай нүүдлийн соёл иргэншлийнхэн мэдээсэй билээ.

208-209-р тал

Арав

СУУТ “ЦЭНХЭР”

Уг нь сурталчилгааны энэ нийтлэлд түүхэн хүмүүсээс Юли Цезарийн тухай өгүүлсэн хэсгийг авсан болохоор боллоо гэж бодож байтал Леонарда да Винчигийн тухай гараад ирмэгц мөн л ашигламаар санагдаад … Бид түүнийг ихэвчлэн уран бүтээлч гэдэг талаас нь мэддэг. Зарим нь зохион бүтээгч, сэтгэгч байсан гэж мэдэх байх. Гэтэл энэ хэсэгт түүнийг инженер, уран барилгач, анатомийн томоохон мэргэжилтэн байсныг өгүүлжээ. Түүнээс гадна тэрээр тухайн үеийн нийгэмд асар их нэр хүндтэй байсныг номон дахь нэг баримт нотолж байна. Өнөөгийн либерал гэгддэг нийгэмд хүртэл олон нийтэд ад шоо үзэгддэг гомосекс хүн байсан атлаа тэрээр бүх зүйл канончлогдсон байсан дундад зууны нийгэмд хүртэл энэ зуршлаасаа болж шийтгэлгүй үлдэж чадсан юм.

254-255-р тал

Арваннэг

АУГАА ТҮҮХЭН ШИНЭЧЛЭЛ

Европын оюун санааны (зөвхөн оюун санаа гэлтгүй нийгэм-улс төрийн) түүхэнд асар том өөрчлөлт авчирсан шашны зүтгэлтэн, шинэчлэгчид болох хоёр хүн бол Мартин Лютэр, Жон Кальвин нар юм. Тэдний эхлүүлсэн үйл хэрэг улс төрийн томоохон үр дагаврыг авчирсан. Магадгүй, тэд өөрсдөө шашны үйл хэрэгт оролцож байна гэж бодож байсан байж болно. Гэтэл үйл явдал маш өргөн хүрээг хамрав. Энэ үед л тэдний хувь хүний шинж чанар-эр зориг, ухаалаг байдал, хүлцэн тэвчихүй нь илрэн харагджээ.
Одоо манайд шашны номлолыг төвд хэл дээр унших уу, аль эсвэл төрөлх хэл дээрээ унших уу гэсэн асуудал энэ сэдэвтэй шууд холбогдоно. Мөн нийгмийн амьдралд сүм хийд, лам хуврагийн гүйцэтгэх үүргийн тухай асуудал ч чухал гэж бодогдож байна.

256-259-р тал

Арванхоёр

ЭНЭ НОМЫН БАС НЭГЭН ОНЦЛОГ

Номыг ихээхэн сонирхолтой болгож буй бас нэгэн онцлог зүйл бол энэ удаа бидний тавьж буй зурагт тайлбарууд юм. Ийм зурагт тайлбар маш олон байгаа боловч бид дундад зууны үеийн хүлэг баатар болон зэр зэвсэглэлийг харуулсан сэдвийг сонгон авч та бүхэнд толилуулж байна.

274-275-р тал

Арвангурав

БУРХНЫ ЭСРЭГ ЗОГССОН ШИНЖЛЭХ УХААН

Номонд үе үеийн шинжлэх ухаан, танин мэдэхүй, философи, урлагийн нээлтүүдийн тухай их сонирхолтойгоор өгүүлсэн нь олонтаа. Түүнээс бид зөвхөн нэгийг нь авч та бүхэнд толилуулж байна. Энд Дарвины эволюци онолтой холбоотойгоор нийгэмд дэгдсэн “шуугианы” тухай өгүүлнэ (Уг нь номон дээрээ яг энэ хуудасны өмнөх талд Зүйлийн үүслийг тухайлан авч үзсэн байв). Энд Английн шашны зүтгэлтэн Уилберфорс гэгч дарвинизмын онолыг тууштай хамгаалагч Хакслэйтэй маргасан тухай өгүүлнэ. Хакслэйг “Бид мич өвөгтэй” хэмээн өгүүлэхэд нөгөөдөх нь “Чи ээжийнхээ талаас уу, эсвэл аавынхаа талаас мич өвөөтэй юм уу?” хэмээн даапаална.
Энэ мэт сонирхолтой түүхээс гадна “Их дэлбэрэлтийн онол”, Эйнштейний харьцангуйн онолын талаар товч тодорхой ойлголт өгөх тодорхойлолтуудыг хавсаргажээ.

342-343-р тал

Арвандөрөв

ХАМГААС УХААЛАГ УУ, ХАМГААС ЗОЛГҮЙ ЮУ?

Хүн төрөлхтөн оршин байсан бүхий л түүхийн туршид хамгийн ихээр хавчигдан, зовон тарчилж, хэлмэгдсэн хүмүүс бол яах аргагүй жүүдүүд билээ. Юуны учир ийм байдалд орж байв… Хамгаас ухаалаг учраас уу, хамгаас хөдөлмөрч учраас уу, аль эсвэл цор ганцаар өөр шашин шүтдэг учраас ийм байдалд орж байв уу?
Түүхийн туршид угсаатны цэвэрлэгээнд олонтаа өртөж, хамгийн ихээр үрэгдэж байсан боловч дэлхийн
II дайны үеийн фашистуудын Холокост шиг аймшиг ховор байжээ.

400-401-р тал

Арвантав

ХҮЙТЭН ДАЙНЫ БЭЛГЭ ТЭМДЭГ

Энэ бол Берлиний хана. Энэ хана чухам хэзээ, яагаад боссон тухай өгүүлнэ. Нэг айл гэр, нэг үндэстэн, нэг соёл хэрхэн хуваагдсан тухай. Берлин хуваагдчихаад байсан тэр үед Берлиний жирийн иргэд чөлөөт сонголтоо аль талд хийж байсан нь маш тод харагддаг байв. Энэ нь уг ханыг босгох шалтгийг коммунистуудад өгсөн юм.

426-427-р тал

Арванзургаа

ХҮНИЙ ТӨЛӨӨ!

Энэ хэсгээс иргэний эрхийн төлөөх улс төр, философи үндэслэлүүдийн ойлголттой болно. Түүхэнд энэ талаар хэн, юу хийж байсныг ч мэдэж авна. Иргэний эрхийн тэмцэл янз бүрийн хэлбэрээр илэрч байж. Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх, арьс өнгөний тэгш байдлын төлөөх тэмцэл нь иргэний эрхийн хөдөлгөөнд чухал байр суурь эзэлдэг. Тодорхой түүхэн зүтгэлтнүүд асар их тэмцэл өрнүүлж, хөдөлгөөнүүдийг зохион байгуулж байжээ. Ижил хүйстнүүдийн асуудал ч энд томоохон байрыг эзэлдэг.

434-435-р тал

Арвандолоо

БАЙНГА Л АНХААРЛЫН ТӨВД

Иран нь ХХ зууны турш, ялангуяа дэлхийн II дайнаас хойш байнга дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар иржээ. Лалын тулгар үзлийн эсрэг иргэншүүлэх хөдөлгөөн, Шахын тансаглал түүний эсрэг лалын хувьсгал, Аятолла Хомейнигийн фундаментализм, Америкийн дипломатуудыг барьцаалсан хэрэг явдал, Иран-Иракийн дайн, одоо болохоор Ираны цөмийн зэвсгийн асуудал гээд. Энэ бүхний учир шалтгаан, тодорхойлогч үйл явдлын тухай танилцах боломжтой.

442-443-р тал

Арванайм

ГАЗРЫН ТОСНЫ ДАЙН

Би шууд энэ гарчгийг өгмөөр санагдсан. Булангийн дайн гэдэг бол ерөөсөө газрын тостой холбоотой. Мэдээж дагавар асуудал ч байлгүй яахав: ардчилал ба дарангуйлал, Саддам Хусейний анти-американизм, Булангийн муслим орнуудын хоорондын улс төр хийгээд шашны зөрчил… Энэ бүс нутагт явагдаж буй зөрчил мөргөлдөөнийг цэвэр дэлхийн шашин хоорондын, эсвэл иргэншил хоорондын утгаар тайлбарладаг судлаачид ч байдаг. Иракт үүсээд байгаа бараг иргэний дайн гэж нэрлэж болмоор үйл явдлын уг сурвалж юув? Кувейт руу Саддамын хийсэн довтолгооны шалтаг шалтгаан юу байв? Ямар ч байсан маш ээдрээтэй нөхцөл байдал хуримтлагдаад байгаа газар нутаг.

468-469-р тал

Арванес

ХҮН АМЫН ХӨДӨЛГӨӨН

Дэлхий нийтийг хамарсан ээдрээтэй асуудлын тоонд яах аргагүй хүн амын өсөлт, шилжих хөдөлгөөний асуудал ордог. Хотжилтой холбоотой эрүүл ахуй, ядуурал, гэмт хэрэг гээд олон сөрөг үзэгдэл гарах боллоо. Энэ бүх шилжих хөдөлгөөн, хүн амын нягтралын асуудлын уг үндэс шалтгаан, хүн ам хэт олширсон хотууд, үүнтэй холбоотой хүрээлэн буй орчны асуудлын талаар тодорхой тоо баримт, судалгааг оруулснаараа ихэд сонирхол татаж байна.

474-475-р тал

Хорь

Номын сүүл хэсэгт буй энэ том бүлэгт тусгаар улс-орон бүрийн түүхийг тодорхой сэдэв болгон авч зураг, баримт сэлттэйгээр он дарааллын дагуу харуулжээ. Анх энэ газар нутагт хэзээ хүн амьдарч эхэлсэн, ямар ямар нэртэй улсууд байсан, тусгаар тогтнолоо алдаж олж байсан түүх, гол гол үйл явдал гээд. Dorling Kindersley хэвлэлийн газар нэгэнт монгол хэвлэл гарч байгааг харгалзан Монгол улсын түүхийг өгүүлсэн хэсэг дээр нэлээд нэмэлт (англи хэвлэл дээр байснаас 8-10 дахин томсгох) хийхийг зөвшөөрсөн билээ. Үүний дагуу Монгол улсын түүхийн хэсгийг Түүхийн ухааны доктор О.Батсайхан зохиомжилсон болно.

“Улс-үндэстнүүдийн түүх”-ээс Монгол

9 Сэтгэгдлүүд

  1. Сугар said,

    Заавал авнаа.

    • huhzurh said,

      tim shuu uneheer mundag nom bgaa shuu

  2. bayarbat said,

    odoo garaad avlaa

    • huhzurh said,

      tegeerei. ta itgeltei baij bolno saihan nom baigaa

  3. ido said,

    Энэ нээрээ айхтар ном байнлээ. Баахан эргүүлж байгаад гарсан. Нэг баяжаад авна

    • huhzurh said,

      tegeerei

  4. emo girl said,

    manai bagsh ene nomiig zunii daalgavart unsh gesen bhgui yu? Tegsen chin neeh aimar 20-30n myangatai baidiin bol avchii gsen chin 68n myanga gediin, eooe nud ayagnaasaa bulterchhee shahsiishd. Zun ch duuslaa nom ch zaragdaad duussan bh odoo bagshdaa aluulahdaa beldeel bj bna daa. Er n yah gj iim daalgavar ogdiin blo? Neg huuhdiin eej n ene nom tiim ch goe iim ch goe geed bhar n etseg ehchuud zovshoorool manai bagsh ch yug n medehgui tegii tegii geed l duussandaa. Angidaa l negiig avdaggui ym bl huuhed tus bur n avah n yu l bl… Neeree huhzurh ee chi ene nomiig avsiimuu? Heden huudastain bl?

    • huhzurh said,

      Sain uu emo? bagsh nom unshih daalgavar ugnu gedeg sain l hereg bh.ter dunduu Delhiin tuuhiig unsh gedeg ni bur sain. Tiimee unetei ni ch unetei shuu… uul ni angidaa negiig avtsan bhad heregtei shdee.Huvi humuus uuruu avah sonirholtoi bol l yuniin gehees…bi uuruu ch unshaagui ee hajuugaar ni undguruud l yavdag hun dee humuust tailbarlaj helehees taashgui.huudas ni uu zuzaan shdee.252*301 formattai, 612 nuurtei shdee.Iuu delgeruuleh yum baival lavlaarai ho

  5. bekhee said,

    tiim shuu unheer gaihaltai nom delhiin tuuh shuu bas ter delhiin huraangui atlas bas goy mon sudar dandaa goy nom garagdag bayrlaa tsaashid zondoo goy nom gargaarai good luck…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: