Онож хэлсэн үнэн үг хэрүүлийнх хараалынх магтаалынх алийнх ч бай БИ өөртөө үлдээлэг…

5 сар 31, 2011 at 8:01 am (Утгауянга)

Н.Оюун-Эрдэнэ

“Миний Монголын залуус”

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна

Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй

Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй

Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи

Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна

***********************************************************************
Ч.Дагмидмаа : Монгол хүн та дээшээ суу
Монгол хүн та дээшээ суу
Морин хуурандаа ойрхон суу
Шагайн дөрвөн бэрхэнд аз увьдис бууж
Шандаст хүлгийн зоонд ардын дуугаан аялдаг
Дэлгэн барьсан хадагных нь өнгөнд тэнгэр гэрэлтэж
Дээшээ харсан алганд нь дэлхий бүхлээрээ багтдаг
Дээлтэй хөх өвгөд минь гаанс хөөргөөрөө гоёж
Дээрээ тоонотой гэртээ зуун зууныг элээсэн
Монгол хүн та дээшээ суу
Морьтой сүлдэндээ ойрхон суу…
Унасан хүлгийнх нь тэргүүнд сар бууж
Ууж суугаа аягатай цайнд нь нар хөвдөг
Уйлсан хүүхдээ галынхаа цогонд ширэглэж
Ус голынх нь чулуугаар домнож өсгөдөг
Уужим талын цээжийг гэрийнхээ бууриар тамгалж
Унь ханаа шаргиулан нүүж дөрвөн цагийг уяраасан
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Атганаас буусан шагай дөрвөн бэрх буутал
Ардын дуугаан дуулж хуурынхаа аялгуунд дэлгэр
Алтан намрын шүүдрийг мөнхийн ус болтол
Адис жанлавий нь хүртэж хурмастын доор залбир
Эргэн төрөхгүй аялгуу зүрхнээ дахин эгшиглэж
Энэ хаврын уулсыг өнгөөн хувилтал дуул…
Ээж ээжийн хайр дэлхийн мэлмий нээж
Энэ цагийн Монголын зовлон холхнуур тойрог
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Морин хуурынхаа дэргэд суу…..

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: