Б.Баабар /гоё нийтлэл бичжээ/

Нэг дүгээр сар 6, 2010 at 3:00 am (Сэтгүүл зүй)

Өчигдрийн бичсэн сэтгүүлзүйн төрлүүдээс Нийтлэл-ийн жишээ болгож “агуу” нийтлэлчийн Шинэ нийтлэлийг орууллаа.
Нийтлэлчийн намтар

Б.Батбаяр 1954 онд төрсөн. МУИС, Краковын их сургууль, Москвагийн их сургууль, Лондонгийн Империал коллежид тус тус суралцсан. Биохимич мэргэжилтэй. Англи, орос, польш хэлтэй. Гэр бүлтэй, хоёр охинтой. 1991 он хүртэл Энзимологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байсан. 1989-1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагч нарын нэг. Монголын социал демократ намыг үүсгэн санаачлагчдын нэг бөгөөд тус намыг 1990-1994 онд толгойлж байв.

1980-аад оноос нийгэм, улс төр, уран сайхны өгүүлэл, нийтлэл туурвиж эхэлсэн. “Бүү март”/1990/, “Айл гэр болж тоглох нь”/1994/ ном хэвлүүлжээ. Бичсэн өгүүлэл, нийтлэл нь англи, япон, орос, түрэг, герман зэрэг хэлнээ орчуулагдаж, хэд хэдэн оронд хэвлэгдсэн.

Хомо наурус

Науру гэж нэгэн арлын жижиг улс Гадаад далайд байх юм. Газар нутаг нь 21 ам км гэхээр хааш хаашаа 4-5 км болж таарах нь. Хүн амын хувьд дэлхийд хамгийн багын нэг, ердөө 10 мянга хүрэхгүй иргэнтэй. Хүн амд ноогдох орлогын хувьд дэлхийн хамгийн баян орны нэг. Үүний цаад шалтгаан нь арал тэр чигээрээ маш өндөр концентрацитай фосфор юм. Арлыг 19-р зуунд германчууд эзэмшиж байж. Дараа нь австраличууд мэдэлдээ авсан боловч дайны үеэр япончууд булаан авчээ. Дайны дараа Австрали эгүүлэн авсан боловч 1968 онд тусгаар тогтнуулж орхисон байна. Ийнхүү 5 мянган хүнтэй хамгийн жижиг тусгаар бүгд найрамдах улс үүсчээ.

Хүн амын 80 шахам хувь нь уугууд иргэд. Урьд бол ядуу зүдүү тэд загас барьж жимс түүж дөнгөн данган гол зогоодог байж. Харин одоо бол баяжиж пээдийгээд идэхээс өөр хөдөлмөр хийдэггүй. Науру арлын амьдралын тухай Дисковэри сувгаар тун сонирхолтой баримтат кино саяхан үзүүллээ. Арал дээр фосфорит ачихаар сардаа нэг удаа асар том хөлөг онгоц ирэх юм. Муу жижиг арал битүү тоосонд хучигдана. Тоос эргэж унан тунгалгажитал дахиад бүтэн сар болдог гэнэ. Ингээд тэдний төрд хүн амтай нь харьцуулахад асар их мөнгө үлдээгээд явах аж. Мөнгө хуваарилдаг ардчилсан засаг тэдэнд бий. 18 хүнтэй парламенттэй, тэндээсээ ерөнхийлөгчөө сонгочихоно. Науручуудын ажил эрхэлдэг гэх хэдэн хүн ийнхүү төр засагтаа ажиллан мөнгө хуваарилах нөр хөдөлмөр үйлдэх ажгуу.

Толь бичигт тэмдэглэгдсэнээр хүн амын ихэнхи нь өөрийн сайн дураар хөдөлмөр эрхэлдэггүй ажгуу. Ийм их мөнгө эргэлдэж байгаа болохоор ажлын мест олон боловч үүнийг нь “муу заяат” гадныхан эрхэлнэ. Харин Дисковэри сувгийн үзүүлж буйгаар уугуул иргэд унтаж унтаж босоод гэрээсээ гольфын “багаж” чирээд “ажилдаа” гарна. Арал дээр буй хамгийн том байгууламж нь гольфын талбай. Асар үнэтэй алт мөнгөн цохиураа барьсан науручууд өдөржин гольф цохин наадна. Тэдний хийдэг цорын ганц ажил нь. Мөнгийг нь ач буянтай төр нь амаар нь гартал цутгана. Мөнгө тэдэнд аз жаргал олж ирсэн үү? Өөрснөө ч тарган цатгалан сайхан л харагдаж байна. Гэхдээ эрчүүдийн дундаж наслалт нь ердөө 48. Архи ууна, дээр нь үргэлжийн дэгдэх фосфоритын тоосон дотор амьдрана. Өөрснөө ч үүнээ тоож байгаа юм алга даа. Чааваас ойлгодоггүй ч юм шиг билээ дээ.

Байгалийн баялагийн хараал гэж энийг хэлдэг аж. Байгалийн баялагтайдаа биш, тэндээс буй болсон мөнгийг зөв ашиглах тархи толгойгүйдээ хараал хүртдэг ажгуу. Австрали, канад, норвеги, өмнөд африк, катар, чили хүмүүс байгалийн баялагаа ашиглан хүнээ хөгжүүлж, бурханы энэ бэлгийг зөв зүйтэй ашиглан бусдын атааг хөдөлгөж байхад зарим нь мөнгө баялагтай болсон биш ингэтлээ уруудан доройтдогийн учир юу вэ?

Зүгээр олддог мөнгө төгрөг ганцхан байгалийн баялагаас эх сурвалжтай биш аж. Европын колончлогчид ялангуяа ХХ зууны эхнээс нутгийн уугуул иргэдийг дэмжих нэрээр үнэгүй тэжээх болжээ. АНУ-д бол уугуул индиануудад өөрийн үзэмжийн хуулиар амьдрах газар тасалж өгсөн байна. Харин тэд эзэмшил нутаг дээрээ казино байгуулуулж тэндээсээ сул орлого олон өдөр шөнөгүй архидаж суух. Бусдаас илүү эрх эдэлж сул мөнгө авч суудаг Шинэ Зеландын мауричууд, Австралийн аброгенүүд, Хавайн полонезүүдийн амьдрал үнэнийг хэлэхэд өрөвдөлтэй. Ажил хийдэг хүн бараг байхгүй, сул ирэх тэтгэмжээрээ голдуу л архи гударч суух юм. Хавайн аралд буй уугуул иргэд хүн амдаа өчүүхэн хувь эзлэх боловч шоронгийн хоригдлын үлэмж хэсгийг эзлэнэ. Шинэ Зеландын албан хэл нь нь англиас гадна маури хэл юм байна. Ажил эрхэлдэг гэх цөөн хэдэн мауричууд яам тамгын газар хэн ч үл ойлгох маури хэлээр ирсэн зочдод тайлбар хэлдэг ажилтай. Салбадай л юм даа. Гэхдээ овоо ухамсартай хэд нь шүү, бусад нь сул тэтгэмжээ аваад согтуурхаж хэвтэхийгээ дээрд үзнэ. Эд бараг бүгдээрээ жингийн хэтрэлттэй, хэрээ мэдэхгүй иддэг бололтой. Дэлгүүрт ороод харж байхад худалдан авч буй юмныхаа үнийг хэзээ ч хардаггүй, тоодоггүй. Мөнгөгүйн зовлон мэдэхгүй улс даа.

Манай нам төрөөс ард түмнээ харж үзэн зүгээр тэжээх нөр хөдөлмөр мөн л байгалийн баялагийн эх сурвалжтай. Зэсийн үнэ нэмэгдэн улсын орлогод сул мөнгө ороод ирүүт биологийн үйл явдлыг хөхиүлэх уралдаан өрнөлөө. Хүүхэд болгонд мөнгө, хүүхэд төрүүлбэл мөнгө, хүнтэй суувал мөнгө… сургуульд сурвал унаа үнэгүй, төрд ажиллабал байр, хүүхдийн сургалт, үнэгүй эмчилгээ… эх орны хишиг… эрдэс баялагийн хувь… бид ер нь цаашид ажил хийх хэрэг байгаа юм уу? Науру арлын амьдрал манай ирээдүйн проекцолсон жижиг загвар юм биш үү? Ухаант хүнийг хомо сапенс гэдэг. Хомо советикус хэмээн зөвлөлт маягийн хүний загварыг шоолж нэрлэнэ. Түүнтэй ижил тэжээлгэж таргалаад ажил хийхээ болин арчаагаа алдсан хүмүүсийг хомо наурус хэмээн тавлан шоолох болжээ.

Өмнөговь бол манай орны хамгийн том нутагтай ч хамгийн цөөн хүн амтай аймаг. Саяхан болтол тэнд ажиллагсад говийн нэмэгдэл гэж шагнал авдаг байлаа. Одоо тэд “өмнөговь хүн” гэдэг хаягаар тэнд ажилладаг уул уурхайн компаниудаас сул тэтгэмж авах болжээ. Сонирхолтой нь өгөх талууд хоорондоо өрсөлдөнө.  Ард түмний дэмжлэг авч буй нь тэр. Хүмүүс ч дорхноо эвдрэн буйлж байна. Өмнөговийн засаг дарга гэгч саяхан хэвлэлд ярилцлага өгчээ. Яг л Науру улсын ерөнхийлөгч, Мауру овгийн толгойлогч, аброгенчүүдийн удирдагч. “Өмнөговьчууд” бүхнээс тэргүүнд хүртэх ёстой гэнэ. Тэднийг үл онцгойлбол нааш юм харуулахгүй юм байх. “Өмнөговьчууд” хэмээх шинэ нэр томъёо. Хомо сапенсдаа багтдаг эсэхийг мэдэхгүй, юутай ч бусад монголчуудаас хавьгүй дээгүүр бодгал бололтой.

Ландаар хонь хариулж, парадогоор усаа зөөж, эрхий шиг бүдүүн алтан гинж эрхний орноос зүүсэн зарим “өмнөговьчууд” Улаанбаатарыг нэгэнт тоохоо больжээ. Хилийн боомт орж хэрэгцээгээ хангана. Тэд улам бүр урд хилээс хамааралтай болж байна. Хамаг түншүүд нь тэнд бий. Байгалийн баялагаа хэнд өгөх, хэнтэй наймаалцах, үүний шанд юу авах, нутаг дундуураа ямар зам татуулахыг “өмнөговьчууд” л мэднэ гэсэн итгэл үнэмшил улам газар авах өнгөтэй. Тэрийг нь байнга хөөргөж, элдэв амлалт өгөх компаниуд ч олшрох төлөвтэй. Саяхан баялаггүй хоцорчих гээд байсан баруун сумдад Тавантолгойгоос ч дутахгүй нөөцтэй орд нээгдлээ. Одоо ч хадандаа гарлаа л даа. Урагш сүжирч засаг даргатайгаа нийлэн төв захиргааг үл тоомсорлох болсон “өмнөговьчууд” удахгүй “хойдговьчууд” ч болж болох юм. Дэлхийгээр нэг ийм жишээ бий. Брунэйд их хэмжээний нефть нээгдсэн учраас Бритиш Пэтролиум компани Малайзаас тасалж ийм улс байгуулжээ. Нефтиэс болж Их Колумби улсаас Венесүэл тасарсан бол суваг татах шалтгаанаар америкчууд Панам хэмээх тусгаар улсыг бодож олсон байна. Хэсэг хугацаанд тусгаар бүгд найрамдах улс гэгдэж байсан Туваг Зөвлөлтийн холбооны яамны шуудангийн маркны бизнес ч гэх хүмүүс байдаг.

Өмнийн говьд аж төрөн суугаа говийн зоригт эрэгтэй эмэгтэйчүүдийн амьдрал ахуй гэнэт өсөн дээшилж буй нь туйлын сайн хэрэг. Үүнийг буруутгах эрх хэнд ч үгүй. Тэдний орлогыг булаацалдсан хүн ч алга. Гагцхүү халамж тэтгэмж, зүгээр өглөг юун түрүүн тэднийг эвдээд эхэллээ. Юу ч хийгээгүй байж нэг л их нэхсэн, шаардсан, тунирхсан, гомдсон, айлгасан, эсэргүүцсэн хүмүүс. Өмнөговийн нутгийн индиануудын шаардлага тавих холбоо ч гэх шиг. Цаана нь мэдээж хоорондоо өрсөлдсөн компаниудын эрх ашиг байгаа. Дээр өгүүлсэн хомо наурус хэмээх зүгээр тэжээлгээд арчаагаа алдчихсан хүний шинэ зүйл бидэнд халдвал яах вэ? Науру нь өмнөговьчуудын, өмнөговьчууд нь монголчуудын түрүү загвар байвал яах уу?

Науру хүн буй болгодог гол буруутан нь тэжээгч нь байдаг. Брүнэйчүүдийг английн нефтийн компани, мауричуудыг Шинэ Зеландын хууль, науручуудыг фосфорит олзворлогчид, аброгенийг Австралийн Засгийн газар… буй болгожээ. Оросын зохиолч Беляевын Талх гэсэн өгүүлэлд эрдэмтэд өөрөө өсдөг талх бүтээгээд нэгэн загасчны тосгонд аваачиж өгөн туршдаг. Бэлэн талх идээд юу ч хийхээ болин загас барихаа мартсан загасчид эцэст нь тосгоноороо сүйрээд дуусдаг. Таргалаад, хөдөлж чадахаа болиод… Үндэстнийг мөхөөе гэвэл хамгийн хялбар үр дүнтэй арга энэ л байна. Үүнийг дээрхи жишээнүүд ч тод харуулна. Олдох их баялагийн сураг дуулдав уу үгүй юу л Монголын төр юун түрүүн тарааж цацах, ард түмнээ харж үзэхээ амлан бүлтэрцгээнэ. Тэрбум тэрбумаар нь хувааж авч байгаад л жалга жалгандаа цацана. Уул уурхайгаас олдох анхны мөнгийг цагаан сарын бэлэг болгон цацах гэнэ. Үүнээ олон улсын туршлага ч гэж ичихгүй нааж байна. Тиймээ, олон улсын туршлага мөн, Науру арлын туршлага.

Энэ болгон явсаар нийгмийн тогтолцоо, ардчилал эрх чөлөөний аминд хүрдэг. Жар гаруй жилийн өмнө Хаек Боолчлолд хүрэх зам зохиолдоо чухам төрийн энэ их оролцоо, халамж, тэтгэмж эцэст нь эрх чөлөөг багалзуурддаг гэж бичиж байв. Үүний том жишээ бол Венесүэль. Уго Чааваас нефтиэс олох мөнгөө хүмүүст тарааж цацсаар байгаад ард түмнээ худалдаад авчихсан. Венесүэльчүүд түүнийг насан туршийнн ерөнхийлөгчөөр сонгосон. Тэр эрх чөлөөгөө зарчиж буй нь тэр. Харин эцэст нь дарангуйлагч болж цусандаа хутгалдсан түүнээс салахын тулд эргүүлээд мөн ч ихийг төлж таарна даа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: