“Хархулангийн бөгж”

Арван хоёрдугаар сар 28, 2009 at 8:31 am (Уран зохиол)

“Хархулангийн бөгж” романы хэсгээс

… Нэг өглөө босоход цав цагаан цас орчлон дэлхийг нэвсийтэл дараад нүд гялбам өнгөөр цавцайн харагдав. Энэ бол намар өнгөрч өвөл болж буй хэрэг. Урд нь тэр анхны цасыг хараад сэтгэл сэргэн баярладаг байж билээ. Анхны цас, энэ цав цагаахан цас бол цэвэр ариун сэтгэлийн билэг тэмдэг болж, анхны хайрын тухай мөрөөдлийг эрхгүй төрүүлдэг байж. Харин одоо бол анхны цас түүнд айдас болон хэцүү бэрх тэмцлийн билэг тэмдэг болон харагдаж байв. Энэ бол түүний гурав дах удаагийн хатуу ширүүн өвөл байх болно. Учир нь өвөл болохоор түүнд ажил бараг олдохгүй болно. Энэ бол тэр мөнгөгүй болно гэсэн үг. Тэр өвөл хэрэглэхээр хадгаламж үүсгэчих хэмжээний орлого олдоггүй билээ. 19-р зууны харгис капитализм цэцэглэж буй 21-р зууны монголд гар дээрээ хэрэглэх мөнгөгүй, орлогогүй байна гэдэг аймшигтай…

….Гэвч хорвоогийн үнэн гэдэг хахир хатуу ажээ. Үнэн бодит байдал бол ийм байна. Нэг талд нь Тайвань хүрэх онгоцны билет байтугай талбай хүрэх автобусны билет авах төлбөрийн чадваргүй, гал тогооны хутганаас өөр зэвсэг барьж үзээгүй, хөгжилтэй орон виз өгөх нь бүү хэл хажуу айлын хүн гэртээ оруулах хэрэггүй гэж үздэг, хэлсэн үгийг нь засаг захиргаа бүү хэл анд нөхөд нь ч ойшоодоггүй, тэр тамхи авах гээд найзаасаа мөнгө зээлдэг шиг, хөгшин эхийнх нь тэтгэврийг төлөх гэж засгийн газар нь гаднаас мөнгө зээлдэг ядуу орны иргэн, ядарсан ганц залуу байна. Нөгөө талд нь хэн байна. Хангалуун тансагаараа японы баячуудыг хүртэл бишрүүлж  чаддаг, гарынхаа доор дор хаяж зуун Жэт ли-г захирдаг, аль ч улс орон хаалгаа дэлгэн тосч угтдаг, америкийн ерөнхийлөгчтэй биш юмаа гэхэд олон хүний хувь заяаг шийдэж чадах эрх мэдэлтнүүдтэй далан дээр нь өршөөнгүйгээр алгадаж мэндэлдэг, хэн нэгэн төдийгүй улс гүрэнд ч мөнгө зээлүүлээд атгандаа оруулж хүссэнээ хийлгэж чаддаг тийм л хүн юм уу эсвэл байгууллага байгаа нь лавтай.

Энэ бол сагсний бөмбөг хийгээд шар будаа, үгүй бүр гадаад их далай хийгээд элсний ширхэг гэдэг шиг харьцаа ажээ. Ялах бүү хэл оролдоод үзэх ч найдвар байхгүй нь алган дээр тавьсан шиг тодорхой харагдаж байна. Ингэхэд Хантай тэр бөгжний хойноос хөөцөлдөх хэрэг юу байна? Яахав бодоод үзье. Хээр талаар дэмий тэнэж яваад санамсаргүй Аладдины шидэт дэнлүүг олоод ид шидийн хүчээр бөгжийг монголд авчирчээ. Хулхи гонжом угласан засгийн газрын нэг этгээд хурааж аваад “За их сайн байна. Чам шиг л ийм залуус улс гэрт минь их хэрэгтэй байна даа” гэсэн шүү юм яриад сүүлээ ганцхан шарваад алга болно. Тэр үед Хантай нөгөө л нүцгэн шалан дээрээ хоосон халаастай бахь байдгаараа хоцроно. Үүний төлөө хэдэн жил ч зарцуулах юм билээ, нас ч гэж талийгаад өгөх биз. Ганхсан сэтгэл, хохирсон залуу насандаа харуусаж архинд орсон шүдгүй өвгөн балга тагш юм горьдон энэ тэнд очиж би залуудаа тийм гавьяа байгуулж явлаа гэж хүн үнэмшихгүй юм ярин хүүхэд нохойн доог болж явсаар дуусна. Эсрэгээр тэр бөгжний хойноос зүтгэсээр юу ч олж чадалгүй залуу насаа үрж дуусахад төгсгөл нь мөн л адил аж.

Ингэхэд Хантай урьдын адил эгэл жирийн амьдралаа үргэлжлүүлж болохгүй гэж үү. Яаж ийгээд сургуулиа төгсөж, аятайхан ажил олж хийгээд, гудамжаар дүүрэн алхалж байгаа аятайхан хүүхнүүдийн нэгтэй сууж аятайхан амьдрал зохиоход түүнд бэрхшээл саад гэж тохиолдох юм бараг алга. Өвгөрсөн хойноо ч гудманд гарчихна гэж санаа зовох юмгүй тулах хань, түших үр хүүхэдтэй, элэг бүтэн амьдрахад болохгүй гэх юм алга. Одоохондоо нас залуу зүс шингэн, толгой тархи эрүүл саруул байхад хүн бүхний л мөрөөддөг энэ сайхан амьрал өмнө нь бараг бэлэн байгаа бус уу? Тэгээд ч ер нь анхны цасыг цонхны цаанаас хараад өвлийг яаж давна даа гэж зүрх алдан зогсож байгаа хүн хүчний харьцаа тэнцвэргүй, ирээдүйд олдох ашиг завшаангүй ийм тулаанд амьдралаа үрэн тэмүүлэх гэдэг утгагүй явдал биш үү?….

….”Гэлээ ч” тэр их хөрөнгийг заяагаараа болог гээд зүгээр хараад алдаж болохгүй юм. Болохоос болохгүйгээ хүртэл үзэлцэх хэрэгтэй юм. Амьдрал гэдэг үнэтэй боловч хямдханаа хүрвэл маш хямдхан гэдгийг тэр биеэр мэдэрсэн. Мотоциклоос унаад үхчих ч юм уу, архинд ороод дуусчихаж болох ганц муу Хантайн амьралыг хэндээ гэж юундаа зориулж, хэзээ хэрэглэнэ гэж хадгалж гамнах билээ. Харамсалтай нь тэр энэ үйлст ганцаараа л юм. Бүтэхээсээ бүтэхгүй тал нь их юм. Түүний тэнэгийг хүмүүс гайхан шагширах л байх, гэсэн ч Төгс тайжийг эх орон нь урвасан хулгай гэж ял зааж байхад тэр хар хятадтай эцсээ хүртэл тулалдсан юм. Тулааны талбарт амьрал үзээгүй арван найман насаа өргөх цэрэг эр байхад түүний хамгаалж үлдээсэн нутагт адуу малаа хариулж дараа үеийн баатруудаа төрүүлж өсгөдөг эгэл ардууд гэж байдаг юм….

….Хантай ч мөн түүнээс үлгэр жишээ авч зүрх алдан хулчийлгүй тэмцэж чадна. Түүний дайсан хэдий хүчтэй ч гэлээ тэр бол хулгайч, Хантай хэдий өчүүхэн ч гэлээ хууль ёсны эзэн билээ. Эзний эрх хүч гэж бий. Хулганыг хэдий зааны хэрийн том болгосон ч нүдээ нээгээгүй муурын зулзаганаас айдаг эртний үлгэр бий. Тулааны талбарт шархдахад цусаа үзээд хулчийн зугтдаг хятадуудыг, цусаа үзээд улам ч догширон дайрдаг монголчууд үеийн үед ялж ирсэн юм. Түүний дайсныг бүх эд хөрөнгөнөөс нь салгаад гудамжинд орхивол турж үхэх арчаагүй муу газрын өт, усны хорхой бол түүнийг юу ч үгүй нүцгэнээр нь эзгүй хээр орхисон ч амьдраад гараад ирж чадах тэнгэрийн салхи, нарны сүнс билээ.

Өглөө эрт цонхны цаана хүйтэн цэмцгэр өнгөөр ихэмсэгхэн гялбаж асан цагаан цасан одоо өдрийн илчин хайлмагтан шалчийж энд тэндгүй цоохортон ханзарсан харагдана.

3 Сэтгэгдлүүд

  1. Frank said,

    Гайхалтай өрнөж байна. Амьдралд бид яарахгүй бол амьдрал өөрөө бидэнрүү яарахгүй мэт.

  2. miki said,

    nadad ene blog uneheer taalagdaj bn anh udaa orj uzej bn l daa yagaad ch yum neg l goy medremj saihan setgegdel torood yvchihlaa shuu

    • huhzurh said,

      bayarlalaa miki. chi bas saihan medremj nada turuullee

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: