“Тагнуулчийн хувь тавилан”

Арван хоёрдугаар сар 27, 2009 at 11:00 am (Уран зохиол)

Зохиогч А. Монголбаяр

“Тагнуулчийн хувь тавилан” номын хэсгээс …

…Мянга есөн зуун  тавиад оны эхэн үе. Нэгэн өглөө хятадын амрыг хамгаалах яамны хоёр хүн гэрт минь ирж, намайг баривчлах тухайгаа мэдэгдээд эхнэр, хүүхдүүдийн минь дэргэд хоёр гарыг минь холбон төмөр гаваар гавлав. Ар нуруундаа жадтай буу тулгуулан гэрээсээ туугдаад гарахдаа айж сандарсан эхнэр, хүүхдүүддээ хандан:

-Тайван байцгаа!  Сандрахын хэрэггүй! Надад хийсэн муу юм байхгүй ! хэмээн хэлж амжив. Гэвч тэдний минь  орилоон, чарлаан чихэнд хадсаар ард хоцорлоо…  Хатуу ширүүн, хүнд  нөгцөлд удаан хугацаагаар би хоригдож, тамлуулан байцаагдав.

-Ямар ялт хэрэг үйлдсэнээ нуулгүй үнэн зөвөөр нь өч! Хэмээн арыг хамгаалахын хүн надаас шаардлаа. Хэдэн жилийн өмнө улс төрийн бүлгэм байгуулаад, дараа нь Бээжингээс томилогдон ирсэн Заяатын шаардлагаар түүнээ тараасан тухайгаа өчив.

-Хятадын амрыг хамгаалахын байцаагч ар шилэнд минь гар бууны хүйтэн төмөр ам тулгаад:

-Ар монголын тагнуулаар ажиллаж байсан тухайгаа яр!  хэмээн зандрав.

-Худлаа! Би тийм юм огт мэдэхгүй!

Байцаагч хаалгаар гадагш шагайгаад:

-Хай, Базаалайг оруул! Хэмээн зандрав.

Би япон, хятад, манж хэлийг гайгүй сайн мэддэг хүн.

“Базаалай” гэдэг чинь юу сан билээ хэмээн бодтол гаднаас хэн нэгэн орж ирсэн нь намайг ихэд цочирдуулав. Базарыг оруул гэсэн байж. Япон гоминданы эсрэг миний элсүүлэн ашиглаж байсан нөгөө “Үдээр ” орж ирсэн билээ. Түүнийг харангуутаа л би “Үдээр” урваж , намайг илчлэн хятадуудад барьж өгсөнийг ойлголоо. Төмөр гаваар хоёр гараа холбон гавлуулсан, ядарч зүдэрсэн зодуулж туйлдсан байдалтай, байцаагдаж тамлуулаад сууж байгаа намайг хараад тэр хэсэг зуур сандарсан байдалтай зогслоо. Тэгээд :

-“Энэ нохой тагнуултай би нэгийгээ үзнэ дээ”  хэмээн их л сандарсан байдалтай гонгинон хашгачив. Тэр өөрийн мэдэх л бүхнээ уйлагнан гонгиносон дуугаар үглэн ярьж илчлэв.

-“Урвагч! Адгийн муу хулчгар, шаар! ” хэмээн би Базарыг үзэн ядаж хараалаа. Үнэндээ түүний мэдэх юм бага байсан. “Үдээр” -ийн ярьсанаас өөр илүү юм би ярьсан ч үгүй, хүлээсэн ч үгүй.

-Базаалайгаас өөр хэнийг уруу татаж, энэ ажилдаа ашигласан бэ?  Их Хятад гүрэнд дайсагнасан ямар хортой үйл ажиллагаа явуулсан бэ? хэмээн надад тулган байцааж, удаа дараа зодож тамлаж байлаа. Элэгдэх, балбах, өшиглөх, бороохой болон бууны бөгсөөр жанчих нь тэсвэрлэхийн аргагүй хэцүү байсан даа.

-Өөр хэнийг ч уруу татаагүй хэмээн би гүрийдэг байлаа. Би ар монголын тагнуулын байгууллагатай холбоотой ажиллахдаа дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээсэн фашист германы холбоотон японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан болохоос биш, хятад гүрэн, хятадын ард түмний эсрэг муу юм огт хийгээгүй билээ…

*****************************************************************************************

“Тагнуулчийн хувь тавилан” номонд багтсан уг туужид дэлхийн хоёрдугаар дайны үед японы эзэмшилд буй баргын нутаг дэвсгэрт монголын тагнуулын байгууллагаас явуулж буй үйл ажиллагааг харуулжээ. Японы эсрэг ажиллаж буй монголын тагнуулчийн монгол түмнийхээ төлөө гэсэн халуун сэтгэл, амьдрал, тэмцэл, барга, өвөр монголын ард түмний эмгэнэлт хувь заяаны тухай жинхэнэ амьдрал дээр болсон түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн баримтат тууж ажээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: