“Номын түлхүүр” сэтгүүл /X сар/

Арван хоёрдугаар сар 27, 2009 at 9:54 am (Ярилцлага)

Би чамд хайртай-2

Х.Болор-Эрдэнэ: Кинондоо оруулахсан гэж хүсч байсан өөрийн санаануудыг номондоо оруулсан

Нэгэн цагт тайз дэлгэцнээ амилж, үзэгчдийг байлдан дагуулж байсан “Би чамд хайртай” кино өдгөөг хүртэлх хугацаанд олон үзэгчийн сэтгэлд цөөнгүй асуултыг үлдээсэн хэвээр цоо шинээрээ оршин тогтносоор байгаа билээ. Тэртээх 1985 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол кино үйлдвэрт И.Нямгаваагийн “Сондгой тоо” нэртэй өгүүллэгээс сэдэвлэн, Төрийн соёрхолт Б.Балжиннямын найруулснаар анх үзэгчдэд хүрч байсан уг кино даруй 25 жилийн дараа дахин дэлгэцнээ амиллаа. Сэтгэлд хоногшсон үйл явдлуудыг үргэлжлүүлэн дүрсэлж, үзэгчдийн сэтгэлд үлдсэн олон асуултын хариуг өнөө цагийн залуусын амьдрал, хайр сэтгэлээр төлөөлүүлэн тавьсан уг киног яруу найрагч Батрэгзэдмаа зохиож, залуу зохиолч Х.Болор-Эрдэнэ кино зохиолыг нь бичиж, үзэгч түмэндээ хүргэжээ. Харин кино дэлгэцнээ амилаад ард түмний сэтгэлийг хөдөлгөж байгаа энэ үеүдэд кино зохиолч Х.Болор-Эрдэнэ энэхүү киноны зохиолыг тууж болгон бичсэн “Би чамд хайртай-2” нэртэй номоо хэвлүүлэн гаргаад байна. Ингээд зохиолч Х.Болор-Эрдэнийг сэтгүүлийнхээ “Зохиол төрсөн түүх” булангийн зочноор урилаа.

– “Би чамд хайртай-2” кино дэлгэцнээ гарсанаар олон хүмүүсийн сэтгэл энэ үеүүдэд хөдөлж, кино театрууд ачаалал ихтэй байгаа. Зохиолчынх нь хувьд таны сэтгэгдэл ?

Кино зохиол бичнэ гэдэг амар ажил биш. Тиймээс энэхүү зохиолын үндсэн шугамыг гаргасан яруу найрагч Батрэгзэдмаа, найруулагч Баатар, продюсер Есөнмөнх тэргүүтэй олон хүний санаа бодол, энэхүү зохиолд тусгагдсан байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Бичиж байх явцад зохиолд олон удаагийн өөрчлөлт, засвар орсон. Тэр бүхэнд улам бүр сонирхолтой шинэ санаанууд урган гарч, зохиол улам чангарч байлаа. Анх миний гар дээр ирж байсан зохиолын үндсэн агуулгатай харьцуулбал кино зохиол бараг тэр чигээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болно. Тиймээс киног анх үзэж суухдаа үзэгчдийн уур амьсгалыг илүүтэй чагнаж, басхүү найруулагчийн гаргасан шинэ санаа, зохиолын хасагдаж танагдсан хэсгүүдийг л илүүтэй соргогоор харж, мэдэрч байлаа. Мэдээж дан ганц миний ажил биш ч гэлээ энэ кино өнөөдөр нийт монголчуудын сэтгэлд хүрч, монгол хүн бүрийн ярианы сэдэв болж байгаад баяртай байлгүй яахав.

– Яагаад энэ бүтээлийг дахин амилуулж, дэлгэцнээ гаргах болов? Зохиол төрсөн түүхээр хоёулаа яриагаа үргэлжлүүлье?

Хэдэн жилийн өмнө би өөрийн хувилбараар энэ киноны 20 жилийн дараах зохиолыг бичиж, сонин дээр цувралаар нийтлүүлж байлаа. Тэрнээс хойш уншигчид зохиолын маань төгсгөлийг байнга нэхэж, Дэлгэр, Баяраа, Үрлээ, Золбоо нарын цаашдын хувь заяа хэрхэх бол гэсэн хүлээлт маш их үүссэн байсан. Энэхүү “20 жилийн дараа” нэртэй туужаа хэвлүүлэх бодолтой явж байхдаа найруулагч Баатартай анх танилцаж байлаа. Уулзсан дороо би энэхүү зохиолынхоо задаргааг ярьж, энэ киноны үргэлжлэлийг хийхсэн гэсэн тэмүүлэлтэй байгаагаа ойлгуулсан юм. Энэ ярианаас хойш хоёр жил орчмын дараа Баатар дахин хүрч ирээд “Нөгөө киноны чинь хоёрдугаар ангийг хийхээр болчихлоо. Чи энэ зохиолыг хараадхаач” гээд Батрэгзэдмаагийн бичсэн одоогийн киноны хувилбар зохиолыг үзүүлсэн юм. “Чиний туужаар кино хийхэд хэтэрхий их задаргаатай, олон үйл явдалтай, хэт криминалистик талдаа болоод байна. Тиймээс энэ агуулгыг кино зохиол болгоод  задалж бичих хэрэгтэй байна. Энэ зохиол дотор чиний тэр туужаас санаа авсан хэсгүүд ч байгаа. Одоо энэ киноны зохиол дээр ажиллаач” гэсэн санал тавьсаны дагуу би өнөөдрийн “Би чамд хайртай-2” кино зохиолыг бичих үүрэг хүлээж авсан юм. Хожим сонсож байхад анх уулзаад ярилцсан дээрх ярианы дараа манай киноны продюсер Есөнмөнх энэ киноны хоёрдугаар ангийг хийх саналыг анх Баатар найруулагчид тавьж, бидний мөрөөдөл биелэх эх үүсвэр тавигдсан гэдэг.

– Тэгэхээр киноныхоо хажуугаар ном нь хэвлэгдээд уншигч олны гар дээр хүрч байна. Ном гаргах санаа сэдэл юунаас үүсэв? Киноноосоо өрнөл, өгүүлэмжээрээ илүү дэлгэрэнгүй байсан. Унших, үзэх гэдэг хоёр өөр байдаг шүү дээ?

Бид Дарханд гурав хоногийн турш нойргүй шахам ярилцаж сууж байхдаа кино зохиолынхоо хар зургийг гаргасан юм. Тэрхүү гурав хоногт киноны ерөнхий дүр зураг гарсан гэхэд болно. Ингээд Дарханаас буцаж явах замдаа продюсер Есөнмөнх “Энэ киног гарсаны дараа чи зохиолыг нь ном болгож бичээч” гэсэн санал тавьсан юм. Мэдээж би дуртайяа зөвшөөрч, зураг авалт дууссаны дараа киноныхоо сүүлчийн хувилбарыг харж байгаад өмнө нь бичсэн кино зохиолоо дахин задалж, илүү дэлгэрэнгүй хэлбэрээр тууж болгон бичиж гаргасан нь энэ. Хөдөөгүүр бүтэн сарын турш аялж байхдаа зав чөлөө гарах бүрт зохиолоо шүүрч аван нэлээд шахамдуу хугацаанд бичсэн хэдий ч найруулагчаасаа зөрж, кинонд оруулахсан гэж хүсэж байсан өөрийн санаануудыг нэлээд оруулсан байгаа. Анхны зохиол 20 орчим хуудас ирж байсан бол кино зохиол маань 64 хуудас болж тэлсэн. Харин дараа нь түүнийг тууж болгон бичихийн тулд хуудас бүрийг гурваар үржүүлэн задлах шаардлагатай байлаа. Тиймээс кинон дээр хэлж амжаагүй баатруудын дотоод бодол, сэтгэл доторх дурсамжийн тайлал хэсгүүд түлхүү орсон гэж бодож байна.

– Дүрүүдийн тухайд? Жүжигчдийн сонголтыг яаж хийв? Магадгүй сонирхолтой хүмүүс  дүрүүдэд тоглосон болохоор хүмүүсийн сонирхол бас хамт яваад байна уу. “Би чамд хайртай” киноны анхны дүрүүд болох Үрлээ, Баяраа мөн дуучин Болд нарын тухайд?

Киноны маань гол дүр болох Дэлгэрийн хүү Мэндээд тоглох залуугийн талаар Баатар найруулагч их бодсон гэдэг. Тиймээс энэ дүрд өнөө цагт хамгийн тохиромжтой хүнээр дуучин Болд тодорсон байх гэж бодож байна. Үнэндээ киногоо үзээд гарсаны дараа Болдод баяр хүргэх нь зүйтэй юм байна гэж санагдсан. Найруулагч ч энэ тал дээр маш зоригтой сонголт хийсэн. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ дуучин Болд өөрийгөө зоригтойгоор эвдэж, мэргэжлийн уран бүтээлчидтэй энэ зэрэгцэхүйцээр дүрээ сайхан илэрхийлж гаргасан байсан. Тиймээс найруулагч дүрүүдийнхээ сонголт дээр алдаагүй юм байна гэдгийг ойлгосон. Мөн жүжигчин Ундралын хувьд ч Золбоо охины дүрийг маш гайхалтай гаргасан. Олон үзэгч Золбоо, Үрлээ хоёрыг андуурч байгааг би анзаарсан. Тэгэхээр жүжигчид маань хаа хаанаа үүргээ бахархмаар сайн гүйцэтгэсэн гэж ойлгож байна. Ундралыг олон уран бүтээлээр нь мэддэг хэдий ч ийм далайцтай дүрийг тийм сайн гаргаж чадсанд нь би хувьдаа сэтгэл дүүрэн байгаа. Кино танхимаас гарахдаа Ундрал бол сайн жүжигчин юм байна гэсэн ойлголттой үлдсэн.

– Таныг зохиолч, сэтгүүлч гэдгээр нь мэднэ. Олон сайхан түүвэр өгүүллэгээ уншигчдадаа хүргэсэн. Одоо ямар  бүтээл дээр ажиллаж байна?

Мэдээж хийх ажил өдөр бүр шахам л ундарч байна. Яг одоо “Диваажингийн хоригдлууд” ном маань дэлхийг тойрон аялж байна. Гадаадад амьдарч байгаа монголчуудынхаа хүсэлтээр Улаанбаатарт аялж байсан номоо хилийн чанадад илгээсэн. Авч уншсан уншигчид маань номыг 5-7 хоногийн дотор уншиж дуусгаад дараагийн захиалагч руугаа илгээж байгаа. Миний тооцоогоор бол одоо 100-гаруй хүний амьдарч байгаа улс оронд “Диваажингийн хоригдлууд” ном маань оччихоод байгаа байх. Сүүлийн үед хүүхдийн зохиол дээр түлхүү ажиллах сонирхолтой байгаа. Тиймээс өөрийн зохиож эмхэтгэсэн шинэ цагийн үлгэрүүдээ ном болгон хэвлүүлэхээр зорьж байна. Мөн насанд хүрэгчдэд зориулсан эротик комикс зохиолыг зураачийн хамт бүтээж байна. Дууны шүлэг, жүжгийн зохиол, томоохон туужууд гээд бичээд эхлүүлчихсэн цөөнгүй ажил бий.  Орчуулагч Д.Ганга миний сэтгэлгээний өгүүллэгүүдийг орос, англи хэл дээр орчуулан гадаадын уншигчдад хүргээд эхэлчихсэн байгаа. Өнгөрч буй энэ онд уншигчид маань надад маш их урам, маш том дэмжлэг өгсөн. Нэг өглөө сэрэхэд л намайг номнуудаа хэвлүүлэхэд зориулсан оюуны хандивын том давалгаа цахим ертөнцөд өрнөсөн байсан. Хүмүүс унших гэж хүссэн зохиол бүтээлийнхээ төлөө дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байх болсон энэ цаг үедээ талархмаар санагддаг. Тэдгээр уншигчдынхаа хүсэл сэтгэлээр “Би бид хоёр” нэртэй сэтгэлгээний дөрөв дэх бүтээлээ өлгийдөн авсан юм.

Ярилцлагынхаа төгсгөлд ийм асуулт байна л даа. Анхны “Би чамд хайртай” зохиолын үйл явдлыг үргэлжлүүлэн “Би чамд хайртай-2”  хэмээн туувилаа. Тэгвэл дараагийн “Би чамд хайртай-3″  гэж гаргах  уу?

“Би чамд хайртай” кино үзэгчдэд цөөнгүй асуултыг үлдээсэн байсан. Харин хоёрдугаар анги маань тэрхүү асуултуудад хариулт өгөх, гунигтай болон тодорхойгүй үлдсэн үйл явдлуудыг эерэг хэлбэрт нь оруулж, бүгдийг гэгээлэг сайхнаар төгсгөх зорилготой байсан. Тэгэхээр нэгэнт үүргээ гүйцэтгэчихсэн энэхүү киноны гуравдугаар анги гэж гарахгүй байх гэж бодож байна.

Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: